Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАН: Хүн нэмбэл хэрүүл нэмнэ
2017 оны 9 сарын 4 [Уншсан тоо: 138348]

Тэд олуулаа ялсныхаа гайгаар АН шиг хөлөө жийлцэж байна. Хүн болгонд л бяр амтагдаад, зүгээр нэг “гишүүн” гэгдэхдээ уур нь хүрээд байгаа бололтой. Ямартай ч Сандуйгаа өшиглөчлөө. 

Барьцгүй барилдаанчид

Олигтойхон барьц авахгүй бол хүүхдийг ч гэлээ унагахад хэцүү байхын адил Засгийг унагахад ч барьц хэрэгтэй. Бариад балбах муна ч хэрэгтэй. Энэ ч ёсоор МАН-ын хоёрдугаар ээлжний хоолчид засгаа самрахын тулд сандуйгаас нь “барьж байгаад” жаран тэрбумаар гөвшиж байтал нөгөөх нь гарын үсгээ зураад яваад өгчихөв. “Засаг их муу байна, ер нь л их муу байна даа” гэсээр байгаад огцруулалтай биш өөр барьцны эрэлд гарсан нөхөд концесс гээчийгээ бариад авчихлаа.

Монголд хүн бүхний мэддэг үг гэвэл “Чингис хаан”-ы дараа “Овшоор” орно. Юу гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ 76 гэдгээс ч бузартай, муу ёрын үг гэж ойлгоно. Энэ үгээр гангарч болохгүй. Харин улстөр хийж болдгийг шинэ Ерөнхийлөгч маань харуулж буй.

Харин одоо тэд концесс гэдэг үгний цусы нь холих нь дээ.

Концесс

Та 60 насалтлаа цалингаа цуглуулж байгаад байшин худалдаж авч болно. Тэр болтол айлын хажуу өрөөнд, эсвэл хадмындаа, эсвэл нэг бөөрөнхий гэр олоод амьдарч бай. Ер нь 60 хүрээчгүү гүйчүү. Хүрээд байшин авдаг, тэрэндээ ганц жил амьдраачуу гүйчүү. Энэ бол хамгийн л утгагүй хөгийн явдал юм даа.

Харин лизинг, “Та одоо байшингаа авчихоо. Сайхан төвхнөчих. Дараа төлчихгүй юу” гэж хэлж байна. Дэлхий даяар энэ л жишгээр хүмүүс амьдардаг. Манай оронд л банкны хүү нь хэтэрхий өндөр болохоос.

Улс орон нэг айлтай л адилхан байдаг. Манай улс бол ядуу айл. Ядууууу.... бүр аймар ядуу чааваас. Гэтэл зуух авмаар байдаг, ямар хөлдөж үхэлтэй биш. Жорлон ч ухмаар байна, хашаагаараа нэг баалтай биш. Гэрэлтэй байх хэрэгтэй, хэн орж ирээд суугаад байгааг харчмаар байна. Зурагт үзий л даа бас. Жүдо энэ тэр юу болоод байна. Одоо харин 60 насаа хүлээх үү, зээлээр эднүүсийгээ аваад дараа нь төлөх үү? Хоёр дахь замыг л сонгоно шүү дээ. Зээлдэгч гэдэг бол аврагч. Орчин цагийн хамгийн сайн хүн бол мөнгө зээлдэг хүн. Чи ч гэсэн, хүн итгэж чамд зээлж байгаад баярлах хэрэгтэй. 

За энэ улсад зам хэрэгтэй байна. Яг одоо. Энэ тохиолдолд зээлээд замаа барих нь бүх талаар ашигтай. Шороон замтайгаа хэвээрээ байвал олон хүний цагийг барж, байгаль сүйтгэж, ослын эрсдэлд оруулдаг тул алдагдал нь мөнөөх зээл ба зээлийн хүүгээс хэдэн арав дахин их гарна. Өөрийнхөө мөнгийг гаргаад улсад зам бариад өгч байгаа тэр компаниудад бид талархах учиртай юм. Улс маань мөнгийг нь эхлээд олоотохоё гээд Хөвсгөл хүртэл зам тавихгүй байж болох л байсан байх л даа. Бас алс аймгууд нь тоггүй, холбогдсон засмал зам ч гүй, ер нь юу юу ч гүй байх байж. Энэ бүхнийг концессоор хийсэн юм. Компаниуд өөрсдөө мөнгөө гаргаж хийчихээд дараа нь улсаас увуулж цувуулж авдаг. Тамын л ажил л даа. Арван жилийн өмнөх ажлынхаа мөнгийг одоо ч гүйцэт аваагүй компаниуд мэр сэр байж л байна. 

Концессийн гэрээг зохиосон хүнийг шагнахынсан.

Хэрүүлийн алим


Улстай концессийн гэрээ хийж өөрийн хөрөнгөөр юм бүтээж өгөөд дараа нь мөнгөө авах хэдэн компани байна. Зарим нь улстөрчтэй холбоотой аж. Үүнийг хоёрдугаар ээлжийн хоолныхон соргогоор ажиглан чангааж эхэлжээ. Улстөрч нь надад хамаа алга. Гол нь буруушаагаад байгаа засгийнх нь үед хоёр ширхэг концессийн гэрээ хийгдсэн. Бусад 90 шахам нь аль АН-ын үед, бүр Алтанхуяг ерөнхий сайдын үед хийгджээ. Хэрүүл хийнэ гэж алдаг байгааздээ. Засгийг огцруулах гэж юу ч гэж буржээсэн яахав дээ. “Ий цаана чинь концесс!”, “за наад муу чинь концесс авсан байна шүү дээ, бузартай новш!” гэх мэтийн яриа руу л битий тат айн.  

Тэртэй тэргүй бүх том ажил тэндэрээр бүтдэг. Концесс ч тэр. Бүр том ажлыг нь даагаад авчих монгол компани ч байхгүй гадныхан авдаг. Гадныхан ч гэж дээ хятадууд. Одоо жишээ нь энэ хэрэлдэгдэж байгаа концессын хамгийн үнэтэй ажлуудыг хятадууд  авсан байна. Нэг хятад компанид 200 орчим тэрбум төгрөгийн ажил ноогдож байхад манай үндэсний компаниудад 40 хүрэхгүй тэрбум байна. Аргагүй. Концессийн ажлаа баттай хийж дуусгаж чадна гэсэн барьцаа болгож мөнгө байршуулдаг юм чинь. Өнөөдөр хятадаас өөр баян хүмүүс дэлхий дээр ч алга. Хятад улс тэр чигээрээ том бүдүүн данжаад болчихоод байна. Харин бүх ажлаа тэдэнд алдаагүй, мөчөөрхөж чадсан үндэсний хэд бор компаниараа бахархах учиртай юм шүү.

Концесс гэдэг үгийг битгий л овшоор гэдэг шиг хогтой хутгаад хаячихаарай даа МАНчингууд минь. Өөр олигтойхон шалтаг олж засгаа нурааж хоолондоо орцгоо. Жоомоо алах гээд байшингаа шатаахгүй. Засгаа соливол солиод, өвөлжилтөө бодоцгооё.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив