Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ерөнхийлөгчийн сонгууль - 6
2017 оны 7 сарын 8 [Уншсан тоо: 91630]

Сонгууль нэг юм дуусч, Монголын нуруу амрав. Их ч зүдэрлээ. Сонгууль хүлээгээд ахиад хэд хоносон бол хүмүүс галзуурч мэдэх байв. Галзуурсан ч юм шиг байна лээ захаасаа.

Жин харгалзаагүй барилдаан

Харах царайны хүнд ба хөнгөн жингийнхэн нэг дэвжээн дээр гарсан юм.  Хүнд жингийн эрх баригч намд бүх боломж байв. Намын бүтэц учир мөнгөөр ч илүү, хүнээр ч илүү. Ердөө жилийн өмнө ялалт байгуулаад ирсэн 65 гишүүн нь тойргуудаараа тарж ажиллав. Нийслэл, аймаг, сумынхаа удирдлагуудыг ч МАН ихэнхийг нь атгаж байв. Нэр дэвшигч өөрөө онгоц хөлөглөв. Монголын нэртэй зүстэй бүх л дуучин, жүжигчдийг өөртөө татаж ацарлаа. Нэр цууд гарсан пиарчдыг ч цуглуулав.  Сайт, сонин, телевизүүд ч армид нь нэгдэн оров. Тийм атал яагаад шороодчихов оо?

Харин хөнгөн жингийн бөх Женкод нам байна гэхэд хэцүүхэн байлаа. Түүний баг үнэхээр хөнгөн байв. Үзүүлбэр тал дээрээ түүнд байсан  нь ганц жүжигчин Хүрлээ. Бас ганц нэг рэп хамтлаг, дуулдэг хүүхэд. Тэгээ л болоо. Пиар баг гээд байгаа хүмүүсийг нь хэн ч хуруу дараад нэрлэчихнэ. Ийм атал яаж ялав?

Ялах хүсэл

Ялалтын үндсэн шалтгаан гэвэл тэрээр тод томруун характер бүхий фигур байлаа. Түүний хэлдэг “монголчууд хорин долоон жил зовлоо, одоо болоо шдээ!” гэсэн үгэнд ямар ч төлөвлөгөө, бодлого тусаагүй боловч сөөнгө хоолой, эгэл баргил дүр төрх нь олон монгол хүний зүрхэнд итгэл найдвар төрүүлсэн юм. Түүнчлэн хамгийн халуун сэдэв болох эрлийзийг атгаж авсан. Улстөрчид нэгнээ сэмхэн ингэж хэлчихээд нуугдаж суудаг бол Жэнко тэгж нэрэлхэсэнгүй. Шууд л өөрөө бариад авлаа. Улсаа төлөөлөн хөрш орныхоо тэргүүнтэй гар барих хүн өсвөрийн насныхны, эсвэл төлөвшөөгүй хөгширсөн нөхдийн л аманд байдаг энэ сэдвийг төрийн бодлогын дайтай яриад явчихна төсөөлсөн хүн ер нь цөөн ч биз. Тэгээд л туушиндцан. Хэрүүл уруул ч чамгүй ихийг авчирлаа. Миний дэмжээгүйн нэг шалтгаан энэ билээ. Юутай ч тэрээр сэдэвтэй, хэлбэртэй, барих тугтай нэр дэвшигч байж, “тэр яадаг хүн юм?” гэж асуувал “Аа хятадуудыг хөөж Монголыг аврах” гээд бүрэн дүүрэн хариулчих юмтай улстөрч байлаа. Гэтэл УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хоёр гурван хоч л байв даа.

Ялалтын бас нэг шалтгаан Аса станц. Үргэлж цог золбоо цацруулсан энэ хүн өөрийн лайв видеогоороо Монголын фэйсбүүкийг сүмогийн дэвжээ шиг эзэгнэж чадлаа. Түүний яриа болоод царай нь үүрэг л өнгөрөөж буй бусад нөхдөөс өөр, сэтгэл зүрхнээсээ байдаг нь сонгогчдыг соронзон мэт татаж байсан юм. Ялалтын гавьяаны дийлэнх их хувь түүнд оногдоно.

Ялалтын нөгөө шалтгаан багийн хурд байв. Хурдан загас том загасаа иддэг эрин үе. Үргэлж эхний нүүдлийг хийж, өрсөлдөгчдөө өдий төдий бохир шал үлдээн гүйж байлаа. “Эмээг нь Цэ дун гэдэг” гэчихээд л гялалзаад алга болно. МАН “гүэ эмээг нь Цэдэв...” гэсхийж байтал аль хэдийнэ дараагийн цохилт ороод ирнэ. Нөхцөл байдал өөрчлөгдөх төдийд хамгийн түрүүлээд хариу өгөх чадвартай энэ баг төсөр боловч хөнөөл ихтэй, хамгийн гол нь үргэлж урд нь гүйн ажиллаж чадлаа.

Ялалтын дөрөв дэх шалтгаан нь Женкогийн тухай “жинхэнэ хүн” ярьж байсан явдал юм. Аса, Түвшинбаяр аварга, сэтгүүлч Баясаа, Баатархуяг, Батзандан, С.Эрдэнэ... Харин М.Энхболдыг хамгийн анх Нямдорж духан дээр нь үнссэнийг эс тооцвол баахан фэйсбүүкийн пэйжүүд, сонинууд, твитэр хаягууд, “нам” зэрэг амьгүй зүйлс дэмжиж байв. 

Ялалтын бусад шалтгаан нь өрсөлдөгчийн сул тал, алдаануудтай шууд хамаатай. Хамгийн гол нь энэ баг бүхнээ зориулж, all-in хийж зүтгэж байлаа. Ялах хүсэл нь дэндүү их байв. Юм юмаар алд төө дутуу хэрнээ яг л сүүлийн боломж шиг, амьд гарах эцсийн шаанс шиг ажилладаг баг бүрдүүлж чаджээ.

Одоо ялагдлын тухай ярий.

Ялагдлаа бүтээгсэд


Эрх баригч намын нэр дэвшигч үргэлж л  эрх баригч намынхаа фонон дээр амьдарна. Эрхийг нь барьчихсан намд сэтгэл нь цэнгэж, цадсан ард түмэн гэж үгүй билээ. Тиймээс ялагдлын шалтгааныг сонгуулийн штаб байгуулагдсанаас урагшлуулж өнгөрсөн УИХ-ын сонгууль хүртэл сунгаж харах хэрэгтэй.

Сонгуульд ялсан нам ялалтдаа мансууран “аархаж” эхний вазарэ оноогоо алддаг. Удалгүй сонгогчиддоо “гологдож” дараагийн вазарэгаа алдана. Тэр нь  дараагийн сонгуульд иппон болж ирдэг жамтай. Ялагдлаа бүтээгсэд гэж болох юм даа.

Сүүлийн нэг жилийн үйл явдал Засгийн газар, Улсын их хурал, Нийслэл гэсэн гурван газар өрнөжээ. Асур тэнгэрүүд уур хилэнгээр хооллодог гэгчээр эрх баригчийн алдаа, бүтэлгүйтлээр үргэлж өлсөж, хүлээж суугаад жаргаж хүртдэг хүмүүс бол ялагдсан нам буюу сөрөг хүчин юм. Ядаж байхад яр гэж.

Эхний вазарэ - Аархал

Засгийн газрын томилгоо хэрэгжиж эхэлсний ердөө маргаашаас шахуу МАН-ын Ургийн мод гэх сэдэв төрийн байгууллагын хоморголсон халаа сэлгээний сэдвийг ч нам даран гарч ирсэн юм. Бөөн л хамаатан садан, эхнэр хүүхдээ энд тэнд албан тушаалууд дээр байршуулж, сөрөг хүчин тэрийг нь сайхан зажлаад гаргаж байлаа.

65 суудал авч үнэмлэхүй ялсан МАН-ын бүлгийн гишүүдээс чуулгандаа согтуу ирсэн удаа нэг бишээр тоологдоно. Тэгээд зогсохгүй дараа нь “би эв эрүүл байсан, эм уусан” гэх зэргээр тайлбар хийсэн нь иргэдийг бүр басамжилсан үйлдэл болчихов. Эрүүл согтууг нь эрхбиш ялгахтайгаа хүмүүүс шүү дээ.

Түүнчлэн Энкантогийн сауны залуусын нэг, Сайд Ж.Мөнхбатын гараа кармаалсан зургууд сошл мэдиагаар тарж баян, эрх мэдэлтэй, соёлгүй “дарлагч ангийн” шинжийг үзүүллээ. Энэ нь УИХ-ын дарга М.Энхболдыг аймгуудаар тойрч ажиллахад тухай бүрт нь хүндэт харуул жагсааж байсантай бараг дүйнэ. Тэр нь Гарамжав, Номтойбаяр нар өөрсдийн олон тэрбум төгрөгийн татварыг хууль гарган тэглүүлсэн явдалтай бараг таацна.

Гэх мэтээр тоочвол Цогцэцэг сайдын хүүхдээ хөхөөр хооллох хуулиар гул барин хувийн бизнесээ дэмжсэн, сайд дарга нарын олон арван тансаг том тэрэгнүүд, сайд нарын гадаад аялал гээд бичээд байвал нэлээд урт жагсаалт гарна.

Удаах вазарэ – Голж эхлэв


Иргэд чинь өөрсдөөс нь дор, бүтэлгүй, маалингатсан улсуудаар удирдуулахыг хэзээ ч хүсэхгүй. Хар аяндаа шоолоод, элэглээд эхэлдэг. Арабын оронд шалдан гуяа гаргаад явчихдаг, хурал дээр нэг их гялгар уут шажигнуулаад боорцог иддэг, бохь тас няс зажилна, хэлэх үгээ бичиж байгаад үсэглэнэ, гараа кармаандаа шаачихна....

Эхний урам хугарам явдлууд сайд, дэд сайд нарын томилгоо байв. Иргэдийн эсэргүүцэл их байлаа. Тэгсэн МАН “Хар ухаантай” гэх мэт шалгуураар хээвнэг томилоод л. Нөгөө хэд нь баахан баалуулснаасаа болсон уу, гарч ирүүтээ л элдэв аймшигт мэдэгдэл хийх нь энүүхэнд. “Монгол чинь валютын нөөцгүй болчихсон байна” гэж цочоохоос эхлээд “Эмгэн нь өвгөнөө үхээсэй гэж бодоод байгаа юм” гэж айлгана. Засаглал сайжирна, эвдрэл хагарал дуусна гэж итгэсэн сонгогчид бишгүй л их байсан шүү дээ.

Бужигнаж бужигнаж бүрдсэн Засаг нь сонгуулийн амлалтаасаа ээлж дараалан ухарч эхэлсэн. Хүүхдийн мөнгө, ахмадын мөнгө, татвар... бүх талаар л хүмүүсийг өдөж хатгав. Сөрөг хүчний идсэн хамгийн амттай хоолны нэг энэ байлаа.

Энэ сэдвийн дотор Нийслэлийн унхиагүй эхлэл заавал багтах учиртай. Дарга нь эхнээсээ бүтэлгүй харагдаж эхэлсэн. Өмнөх “Баатар”даргынхаа хийсэн өнгөтэй өөдтэй юмсыг бүгдийг буцаана, машины дугаар хязгаарлалтыг болиулна, автобусыг буцаагаад кондуктортой болгоно гээд л бөөн хэл ам... Дүлий дүмбэ оргиод олигтой тайлбар ч хэлчихээгүй хэр удлаа даа. Ядаж байхад цас 13 удаа ордог нь ч юүв. “Хотын даргаа цасаа арилга” гэсэн шаардлага энд тэнд гараад эхэлтэл өөрөө хүрз бариад гараад ирдэг! Хамгийн сүүлийн жишээ өнгөрсөн сарын улиасны унгирал... Тиймээ, өнөө хэр нь хотоос өөдтэй юм дуулдаагүй л байна. Хүн угаасаа сайныг нь биш мууг нь л ярьдаг хорвоо.

Мөн энэ сэдэвт МАН-ын дотоодын дайн зайлшгүй орно. Хотын дарга огцор, Оюунхорол огцор... Сөрөг хүчин нь ингэх зав ч гүй, сонирхол ч гүй байхад нийгэм даяар ийм шуугиан үүсч давалгаалж байв. Сөрөг хүчин ч “наадуулын чинь дараагийн ээлж хоолондоо орох гээд өмнөхөө нухаж байна” гэж дуртайяа тайлбарлав. Амласан сайн засаглал нь хаачваа? Ингэж хөгөө хөлдөө чирнэ гэж хэн мэдэх юм бэ.

60 тэрбум

Эхэндээ хүмүүсийн ой тойнд нэг их буугаагүй тул намдуухан байсан энэ сэдвийг сөрөг хүчин уулын чинээ цагааныг туулайн чинээ хар болгох гэгчээр нийгмийн сэдэв болгож чадсан юм. Боловсролын сайд Ж.Батсуурийг огцруулсан асуудлыг шууд л үүнд наачихсан, “төлбөрөө төлж дийлсэнгүй дээ хөөрхий...”.  Гэтэл үүнтэй зэрэгцээд хэдэн цэрэг дэлбэрсэн хэрэг явдал гарч, Бат-эрдэнэ аваргын байдал нэлээд эвгүйтэхэд түүнийг яагаа ч гүй өнгөрсөн. Тэр үед “харав уу, төлбөрөө төлсөн хүн ийм сайхан” гэлцээд өнгөрсөн.

Бушуу туулай Сандуй амьсгаадаж гарч ирээд “хурлын тэмдгэлэл алдагдсан байна” гэж мэдэгдчихээд, тэр дороо эргээд “эвлүүлэг!” гэж түгдрэв. Жаран тэрбум гэдэг тоо, албан тушаалын наймаа гэдгээсээ ч илүүгээр энэ нь эргэж буцсан муйхарлал нь асуудлын гол нүдний булай болчихлоо. Тиймээс ч “энэ бичлэг жинхэнэ, эсвэл эвлүүлэг” гэсэн асуудал л хэрүүлийн зорилго юм шиг нэлээд явсан.  

Сөрөг хүчнээс үүнийг чухам яруу романс болгон хувиргалаа. Ээлж дараалан задрах бичлэгүүд, байчихаад бүр Доржзодов гэдэг иргэний баатар! Байдал нэгэнт иймдээ хүрчихээд байхад аанай л “энэ бол эвлүүлэг” гэсээр...

Сүүл рүүгээ алдагдсан бичлэгүүд  аудиогоос видео болон чанаржиж, эвлүүлэг гэх ч аргагүй болсон юм. Дарга нарын эглээс эгэл оройн хоол л жинхэнэ эгэл ард түмний нүдийг хорсгох нь хэр. Сонгогчид нүүр буруулсаар. Үүнийг мөн л дотоодын тэмцэлтэй холбож байсан боловч хэргийн эзэн Ууганбаатар гэгч гарч ирснээр Жэнкогийн урт гартай холбох болсон.

Төгсгөл. Сонгогчийн боловсрол

Хэдий ялсан ч..., нөр их харизматай, хамгийн хоот хоёр сэдэвтэй, хамгийн лут видео бүтээгчтэй энэ нэр дэвшигч арай чүү л ялалтын босго давжээ. Тасархай ялаад, талаад гараад ирнэ дээ гэсэн таамаглалд манай сонгогчийн боловсрол ийм хариу өглөө. Монголчууд сонгуульдаж сурч л байна. Бас ч гэж царай, ярианаас цаашилж бодлого, төлөлөгөөг нь хардаг болсны шинж. Одоо ингээд хар хайрцагандаа итгэдэг болох байх. Хар хайрцаг харгүй гэдэг нь дөрөвдэх удаагаа батлагдлаа.

Хэдийгээр М.Энхболд сонирхолгүй яриатай, харизма муутай ч ядаж өргөх туг, ярих сэдэвтэй байсан бол... Нэгхэн хувийн санал илүү авахад л сонгууль хойшлох байв.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив