Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ерөнхийлөгчийн сонгууль - 5 Тавираагүй нэр дэвшигчид
2017 оны 7 сарын 3 [Уншсан тоо: 51597]

Санал хураалтаар нэр дэвшигчид тавираагүй. Харин ард түмэн сонгууль гэдэг кинондоо улам шимтлээ.

Тоглоомоос гарсан нэр дэвшигч

“Ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн үгийг нэг л итгэлгүй хэлсээр ирсэн МАХН-чууд өөрснөө энэ саналынхаа тоонд цочирдсон байж таарна. Шалтгааныг нь ихэнх хүн “хоёр намаас залхасны шинж шүү дээ” гэж тайлбарлах. Бас  “гурвуулаа уралдах гэж гарчирээд хоёр нь л биенээ дэгээдэж, хутгалж, буудсаар байхад арга ч гүй” гэх хүн ч байна.  Өмнөх сонгуулиар хэрэв Аварга Эби хоёр ингэсэн бол Удвал эгч Ерөнхийлөгч болчихсон, нодлингийн наадмаар туг тойрдоггүйм гэхэд “даага унаж уралдсан” хэл аманд ороод байжаах биз. Гэхдээ өмнө нь монголчууд сонгуулиараа “ялна тална” гэж шүд амаа зууж байсангүй ээ.
 
Санал хураалтын маргааш Ганбаа 10 мянган саналаар гүйцэж яваад хоцорсон тухайгаа чанга дуутай сулхан үгтэй нэг хэвлэлийн хурлаар хэлсэн болоод тоглоомоос гарч одсон байгаа. Тэрээр хорвоод өөрийнхөө төрсөнтэй ч эвлэрэхгүй байж чадах хүн шүү дээ!!! Тэр одоо цагаан хуудсаар санал өгөхийн төлөө тэмцэгч болсон. Дараа нь яах нь бас л сонин агаад сайхан. 

Нэг нь ийнхүү явснаар сонгуулийн хуулийн дагуу хоёр “бузрын амьтан” дараагийн шатаа хүлээж байна. Бузар гэхэд ч багадмаар хоёр доо, нэг нь нөгөөгөө хэлж байгаад нь үнэмших юм бол. Гэхдээ санал хураалтын өмнөх мэтгэлцээнээр өөр зүйл харагдсан.

Мэтгэлцээн

Болоод удаж байгаа ч гэсэн нийгмийн анхаарлыг тэр чигээр нь татдаг энэ үйл явдлыг товчхон тоймловол: Ерөнхийдөө Ганбаа нөгөө хоёр луугаа довтолж, Женко биеэ өмөөрч, Миеэ ярих гэснээ л ярьсан хэлбэртэй болж өнгөрсөн юм.

Намынх нь хүмүүс тус тусын нэр дэвшигчдээ асуултуудыг нь бэлджээ. Хамгийн буруу тооцоолсон нь МАН-ынхан байлаа. Тэд нэр дэвшигчдээ хамгийн сул, өхөөрдөм асуултууд өгчээ. Үзэгчид саадыг даван гүйж байгаа тамирчныг л харж бахдахаас биш зүгээр шогшиж яваа хүн рүү харах ч гүй. Нэрмэж шоолох ч билээ. Асуулт бэлдэгчид М.Энхболдыгоо ингэж “хайрлав (хорлов)”.

АН-ынхан зөв тооцжээ. Тэд хүмүүсийн дунд хамгийн их яригдаж байгаа Нэр дэвшигчийнхээ тухай таагүй баримтуудыг бэлджээ. Харин нэр дэвшигч нь хүний сэтгэл татах хариултыг өнөөг хүртэл бараг гурван сар бэлдсэн байлаа. Юу дуртайгаа ярьж болох индрээс тэр инээмсэглэн байж санаа амар биеэ өмөөрөв. Учир нь хэн ч түүний үгийг таслахгүй билээ. Дээрээс нь хүнд асуултуудаар буудуулж буй хүн баатарлаг агаад өрөвдөм харагдах нь дамжиггүй байлаа. Мэтгэлцээн түүнийх болов.

Ганбаа өөрийгөө ёстой алаад өгнө гэж бодсон байх. Усандаа байгаа загас шиг л байлаа. Гэвч бараг бүх асуултад хадуурч байсан нь дэндүү хурдан ярьж тал хугацаагаа хоосон өнгөрөөчих гээд хамаагүй юм яриад байсантай холбоотой байх :) . Ян ян гээд мөн ч чийртэй байв шүү.

Хүссэн хүсээгүй хэл амны бай болдгоороо мэтгэлцээний дөрөвдэх оролцогч болдог нь МҮОНРТ юм. Зөвхөн дамжуулах үүрэг хүлээсэн энэ байгууллага намынхны бэлдсэн зөөлөн хатуу асуултуудаас болж сүрхий хэлмэгдэв. Захирал нь  ч нэлээн өргөн фронтоор дайруулж харагдсан.  Зүй нь асуултыг бэлдсэн МАН-ын хүмүүсийг олж зуун ташуур занчилтай юм.

Сонгогчид

Хөдөө  хотын сонгогчдын ялгаа эрс харагдав. Ганбаа, Миеэ хоёрыг хөдөөгийнхөн, харин Женког  хотынхон тус тус бараг зуун хувь сонголоо. Энэ нь анхнаасаа л Трамп шиг охиноо дагуулан гарч ирсэн Женко мөн л түүн шиг сошл мэдиад нямбайлан анхаарсных юм. Хотынхон интернэтээр илүү хөглөгдөж, хөдөөгийнхөн хөршдөө илүү итгэдгийнх байх. 

Хотод цөм ялсан эрлийз ба 60 тэрбумын асуудал хөдөөд ажиллаагүй л юм чинь Женкогийн хятад вакцин, төмөр зам ч бас ажиллаагүй байж таарна. Хөдөөгийнхөн өөрснийхөө л сонгуульдаж нам ба намынхаа “мах цусны тасархай”-д саналаа өгчээ. Энэ бол Женкод том аюул. Ялангуяа сошл мэдиагаас өөр сурталчилгаа хийх талбаргүй байгаа энэ үед. Дараагийн шатны санал хураалтын үеэр хотын сонгогчид ясаа амраан хөдөөг зорьж тоо нь зэгсэн шингэрсэн байх болно. Женкод ахиад том аюул. Түүний багийнхан ялагдлыг мэдэрсэн байж магадгүй. Учир нь “М.Энхболд ялбал луйвар байх болно” гэсэн агуулгыг хамаг хүчээрээ тараасан. Үүнээс үй олны үймээн үнэртэнэ. Харин энэ бол Монголд аюул. Гэхдээ дарга болох гэж дайрч байгаа хүнд Монгол юуны хамаа.

Нэгдүгээр шатны санал хураалтад баян-өлгийчүүдийн санал М.Энхболдыг аварсан. “Монгол ялна” уриа тэнд лав ажилласангүй. Гомдодгүйм гэхэд гонсойм санагдаа бизээ.  Айхгүй ч аягүй санагдсан байж ч мэднэ.

Нэр дэвшигчдийн идэвхжил

МАН нэг том заан шиг зүгээр хэвтчихсэнийг хэлэх хэрэгтэй. Харин АН маш идэвхитэй, цаг мөч бүрийг ашигласан байдалтай байна. Шадар сайд У.Хүрэлсүхийг ч намынх нь эсрэг баадуудахыг оролдлоо шүү дээ. Нүсэр юм болохоор “бид тэгээгүй ээ” гэдэг мэдэгдлийг МАН хэзээ хойно хийв. Тэр болтол иргэд “энэ нам ингээд хоёр хуваагддаг юм байжээ” гэж бодож байлаа.

Сошл мэдиад ч адил. Нэр дэвшигчтэй холбоотой нэг мэдээ тавигдахад АН-ын “дэмжигчид” язганаж орж ирээд алж талаад гарч байгааг харж болно. Харин МАН хаа нэг дугараад чихээ таглаад зугтааж байгаа дүртэй.

С.Эрдэнэ дарга өчигдөр ёстой л С.Эрдэнэ дарга л хийж баймаар мэдэгдэл хийв. Түүнээс өөр хэн тийм мунаг зүйл яриад зогсож байх билээ. Харин хажууд нь Батзандан гишүүн ёстой л Батзандан зогсжээвэл зохих газраа зогсож байлаа. Өөр хэн тийм мунаг хүний хажууд...

Тэд Монголын хүн бүрийн өрийг нэг удаа хүчингүй болгох тухай ярив. Байж болшгүй энэ зүйлийн төлөө нийгмийн харанхуй, боловсролгүй хэсэг олноороо санал өгнө гэж тэд тооцжээ.

Нөгөө талдаа ялагд эсвэл, илүү амла гэсэн цорын ганц сонголт үлдээдэг энэ бузар зүйлийг барууны үзэлтэй, либериал Ардчилсан нам үргэлж түрүүлж хийж ирсэн. Үеийн үед харанхуй ард түмнээ хуураад амаар нь шороо үмхүүлэх чааланжид нөгөө намаа дуудаж ирэв. Хүүхдийн арван мянган төгрөгөөс эхлээд 1072 хувьцааны 300 мянган төгрөг болсон байсан. Дарга нь ямраасаа шалтгаалаад амлалт нь төдий мулгуу болоод байдаг байаж магадгүй. Ингэтэл мулгууруулж байгаа зүйл нь дээр хэлсэн ялагдлын үнэр л болов уу даа. Санал хураалт болтол ахиад гурав хоног дутуу. Энэ дэмийрэл тэдний сүүлээсээ хоёр дахь хөзөр байж магадгүй гэж бодоод үз дээ.

Төгсгөл

Нэр дэвшигчид улам хөвчрөв. Киноны оргил хэсэг шүүдээ. Гэхдээ хүмүүс киног үзэхийг л хүсдгээс биш санал өгч тоглохыг хэдхээн нь л зориглох байдалтай болчихлоо.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив