Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бидэн рүү... (Гурав)
2017 оны 4 сарын 20 [Уншсан тоо: 23905]

Хүбэртийн хийцтэй цай

Манай бөмбөгтэй хоккейн хөвгүүд Грацын хотын захдуухан газар HotelSüdгэх буудалд байрлаж байлаа.Өрөө бүр хоёр ортой. Нэг талдаа энгийн хаалга, нөгөө талдаа цэцэрлэг рүү гарсан том шилэн хаалгатай. Хөвгүүд тэр хаалгаараа гарч зүлгэн дээр тоголно. Нэгнийхээ өрөөгөөр орж гарна. Зарим нь хэвтэж амарч байна. Зарим нь өдөр цуглуулсан тэмдэгнүүдээ сонирхоно.



Вена хотын юу нь хамгийн гоё байна вэ гэж асуухад хөвгүүд “агаар нь” гэж дуу нэгтэй хариулсан. Дараа нь “хүмүүс нь бас сайхан ааштай юм” гэсэн. Гярхай гэж. Манай хотод байхгүй хоёр зүйлийг олоод харчихсан л байгаам даа.


Дасгалжуулагч Э.Асралтын гол түлхүүр тоглогч нь Б.Эрдэнэбаяр. Багийн ахлагч. Багаа ч нэг хөдөлгөх шиг болно доо. Гэвч хэддэх ч билээ тоглолт дээр мань эрийг бүдэрч унахад нь нөгөө багийн том биетэй тамирчин хөл дээр нь санаандгүй гишгэчихсэн юм. Тэр дороо эмнэлэг явж, зөөлөн эдийн бэртэл гэсэн оноштой томоос том гипстэй тавиулсан билээ. Гэвч тэр өдөр бүр тоглолт дээр ирж багийнхандаа үнэт зөвлөгөө өгдөг байв.


Буудлын ахлах тогооч найрсаг эр Хүбэрт монголчуудыг ирсэнд их л талархалтай хандаж байлаа. “Өө монголчууд уу, би та нарын дуртай цайг хийж өгнөө” гэсэн гэнэ лээ. Хаа байсан энд, юун нэг цагаан арьст хижээл эрээр гурил хуурсан хийцтэй сүүтэй цай чануулах вэ!

Гэхдээ чанасан л юм даа. Сүү нь жаахан ихэдсэнээс биш яг л манай цай. Яаж хийснийг асуухад, “гүүглээс харсан. Гэхдээ ерөнхийдөө бол ийм цай байдгийг мэднэ” гэж авч байсан. Хоёр аяга цай хөлсөө гартал оочсон доо. Тэр хэзээ нэг цагт манай оронд ирж байсан, эсвэл монгол найзтай байх.


Биднийг маргааш буцна гэдэг өдөр мань эр амарч байсан ч хэрэг болгон ирээд сүүтэй цайны эзэдтэй дурсгалын зураг татуулсан билээ.


Монголоо бараадах монгол

Хятадын баг тоймгүй олон хүнтэй. Олимп зохион байгуулагч орон ба Канад энэ гурав л хамгийн олуулаа ирсэн байв. Олимпийн хотхонд бүх орны л тамирчид зөрөлдөнө. Гэтэл гэнэт нэгэн өвөрмонгол хүүгийн тухай яриа гараад явчихлаа. Анх дуулаад уулзахсан гэж их хорхойссон ч тааралдаагүйд бяцхан харуусав. Гэсэн ч дараа нь хүссэн юм хүзүүгээр татаж тэр минь өдөр бүр бидэн дээр ирдэг боллоо. Бишгүй л хуучилж суусан. Хөдөө амьдардаг малчин айлын хүү, 21 настай, гүйлтийн цанаар хичээллэдэг ажээ. Нэр ньБаатар. Аавыг нь Чука, ээжийг нь Насаа, эгчийг нь Ариунаа гэдэг гэнэ. Тэднийх олон хоньтой, цөөхөн морьтой. Мань эр морь унах их дуртай. Харин охидын тухай ярихдаа учиргүй ичнэ.

Энэ баруун гар талд зогсож буй баатрын төрхтэй, лужир гишгэлттэй эр бол Баатар.Баатараас гадна өөр хоёр ч өвөрмонгол тамирчин байсан. Нэгэнтэй нь л хальтхан танилцав.

Change pins?

Эсвэл trade pins?гэсэн асуултууд хаа сайгүй сонсогддог байлаа. Улс болгон эх орноо илэрхийлэх энгэрийн тэмдэг хийгээд багийнханаа өгч явуулдаг. Тамирчид тэрийгээ солилцоно. Тамирчид төдийгүй автобусны жолооч, сайн дурын ажилчид ч тамирчдаас тэмдэг гуйж аваад цуглуулна.

Хожим гаргаж ирээд харахад эргээд Олимпийн хотхоныхоо уур амьсгалд орох болно. Тэр олон хүний баясгалант царайнууд дахин нүдэнд харагдаж, инээд нь сонсогдоно.


Үдээс хойш хэсгийн аваргын төлөө тоглох Буркина Фасочуудтай тааралдав. Өмнө нь бас нэг цохиур зөрүүлээд үзчихсэн тул хэдий өрсөлдөгч гэлээ ч хагацашгүй нөхөд шиг уулзаж дурсгалын зураг олныг татууллаа.


Альпийн энгэрт Монголын далбаа. Эх оронтой байна гэдэг завшаан. Эх орноо төлөөлж олон аавын охид хөвгүүдтэй нэгийгээ үзэж медаль шүүрэх нь гайхамшиг.

Спортын бус ажлууд


Олимпийн хотхонд тамирчын хийх өөр зүйл зөндөө байна. Энд ч хөгжим нүргэлж хүмүүс бүжиглэж. Тэнд ч зарим нь дартс шиднэ. Бас зарим нь хөлбөмбөг ч тоглож байна. Нэгдсэн том үнэгүй гал тогоо, хооллох танхим байдаг ч энд тэндгүй л шарсан зайдас, хуурсан махны үнэр ханхлуулах түүцнүүд.


“Эрүүл тамирчин” хөтөлбөр. Энэ бол улс болгоны тамирчид заавал хамрагдах ёстой эрүүл ахуй ба эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр юм. Бас судалгаа авна. Энд Австрийн сайн дурын ажилчдын тоонд багтсан анагаахын сургуулийн оюутнууд дэлхийн дал орчим орноос ирсэн эмч нарыг үзлэг, шинжилгээ хийхэд нь тусална.Монголчуудыг энд ирэхэд Монголоос ирсэн эмч Б.Цэвэлмаа ажиллаж байлаа. Тэрээр өнгөрөгч Лос Анжелесийн зуны Тусгай олимпын дараа МТОХ-оос бэлдсэн анхны “клиникийн захирал” алба хашдаг эмч  юм.


VTV телевизтэй хамтарсан Гампаньян аяллын баг хоёр салсан Монголын баг тамирчдыг бүгдийг сурвалжлахын тулд өглөө нар, орой одтой уралдан гүйж байлаа. Аль болох их дүрс буулгаж авах, хүүхдүүдтэйгээ удаан хамт байх, ярилцахыг эрхэм болгож байв.


Мөн олимпийн үеэр олон төрлийн хурал, чуулган, зөвлөгөөн, яриа болно. Ялгаварлан гадуурхалын эсрэг, хандив үүсгэх бодлого, зэрэгцэн орших үзэл санаа, тусгай олимпийн хөдөлгөөнийг улам түгээн дэлгэрүүлэх, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх гэх мэт олон сэдвээр дэлхийд алдартай том оддоос эхлээд эгэл жирийн сурагч охин хүртэл бүгдээрээ нэг зааланд зэрэгцэн сууж хуралдана. Энэ хүмүүсийн нэг нь Монголын 55-р сургуулийн сурагч  Б.Ерөөлт юм. Аутизмын эмгэгтэй энэ хүү Тусгай олимпийн Зүүн Азийн элч төлөөлөгч цолтой бөгөөд төгөлдөр хуур тоглох онцгой авьяастай, бас англи хэлээр чөлөөтэй ярьж бичиж чаддаг. Ялгаварлан гадуурхахын эсрэг дэлхийн хамгийн чуулган энэ үеэр тохиоход Ерөөлтийн тавьсан илтгэл олны талархалыг ихэд хүлээсэн билээ.

Баяртай анд нөхөд минь

Олон хүнийг найз болгож, баярлуулсан Тусгай олимп 3-р сарын 24-нд хаалтаа хийв. Хоёр салсан манай багийнхан ч баяртайгаар эргэн уулзлаа. Медаль авч чадаагүй нь медальтныхыгаа шохоорхож, зүүж үзэж байгага харах нь баяр харуусал зэрэг тохиох мөч. Дараагийн наадам хүртэл даанч хол, даагаа нэхэх ээлж ч амаргүй.


Тамирчдаас гадна хамгийн хүндтэй хүмүүс болох сайн дурын ажилтнууд нийлж бүжиг хийж үзүүлсэн. Чамбайхан бэлдсэн өндөр хэмнэлтэй бүжиг хаалтын нээлт болж олон хүнийг хөөргөж чадав.


Хэдэн мянган бөмбөлгийг агаарт хөөргөж шивнэсэн хүслээ сансарт илгээлээ. Баяртай анд нөхөд минь. Дараа дахин уулзалдая.

Turkish airlines


Түркиш эйрлайнз-ыг сонгож байсан бол та магадгүй энэ монголжуу охиныг харсан байх. Энэ охин ч монголчуудаас “өө ашгүй монгол үйлчлэгч байгаамуу” гэж хэлэхийг их олон сонсоод одоо бараг манай хэлийг гадарладаг болсон болов уу :)


Түркиш эйрлайнзаар хоол дажгүй шүү. Буух гэж байхад хүртэл бяслагтай талх нтр :)


Тэгээд нэг улаан дарс хэлж аваад кино үзээд суучихна даа. Үзэж амжаагүй сүүлийн үеийн киног эндээс олох нь ч бий. Үлдсэн цагт нь хөнжлөө нөмрөөд унтчихна. 

Бидэн рүү... ер нь бид гэж хэн бэ?

Нэг л их хүн энэрэх тухай юм баахан бичлээ. Бид тэднийг ингэх ёстой, тэгэх ёстой гээд л өөрөө өндөр юмны дээр гарч зогсоод доошоо харж байгаам шиг л их эрээчлээ. Ингэхэд бид өөрсдөө хэн юм бэ?

Хүмүүс хүйс, арьсны өнгө, нас, амьдралын хэвээр олон янз ч оюуны хөгжил л үндсэнд нь хоёр хэсэг болгож байна. Гэхдээ аль болохгүй бүтэхгүйг чухам азаар эрүүл саруул төрсөн хүмүүс л өдөөдөг. Азаар зүгээр төрчихснөө мартаад оюуны асуудалтайгаа ад үзэх, гадуурхах, бүр байх хэрэггүй гэж номлогчид ч бидний дунд бий. Бид хоёрын хувь заяа солигдох нь бурханы нүдээ цавчих төдий арилжаа. Азтайдаа л таларха. Талархаад, тэдэнтэй боломжоосоо хуваалцах ёстой юм.Хүний чанар ийм төрдөг ч нас нэмэх тусам элж дуусдаг ч юмуу даа.


Тусгай олимпийн Монголын  багийн ивээн тэтгэгчид. Та ч бас тэдэнд үнэн сэтгэлээсээ талархавал буян арвижиж, ядахнаа сэтгэл хөнгөрөх буй заа.


Хэвлэлийн багийнхны буусан зочид буудал-айлд ийм нэгэн декорац байсны зургийг авч хадгалсан билээ. Энэ бяцхан чулуунууд дээр Нөхөрлөл, Аз, Хайр, Итгэл зэрэг үгнүүдийг сийлжээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив