Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бидэн рүү... (Хоёр)
2017 оны 4 сарын 14 [Уншсан тоо: 35770]


БАЙГАА ЮМААРАА ГАЙХУУЛ

Ам болгон нь цанын замтай эргэн тойрон 360 градус уулсын дунд байх Шладминг гэдэг багахан хотод Тусгай олимпийн нээлт болсон юм.

Уулын нэгэн энгэрт тулгаж байгуулсан том стадион байна. Билет нь аль хэдийнэ дуусжээ. Бид сурвалжлагчийн мандатаа үзүүлж, борооны цув аваад оров. Өглөөнөөс хойш бүрзийгээд эхэлсэн тэнгэр үдээс хойш шивэрч эхэлсэн юм. Өвлийн олимпийн нээлтийг бороотой угтах ч гэж. Гэгээ тасрахаас өмнө харвал тамирчид суух хэсгээс бусад нь үзэгчээр дүүрсэн төдийгүй стадионы гадуур, уулан дээгүүр ч гэсэн дүүрэн хүн харагдсан.


Баахан диско явж байгаад, яг л 19 цаг болонгуут микрофон ажилд орлоо. Герман, англи хэлээр явагдсан хөтөлбөрийн бүх агуулга энэрэх, хүндлэх, зэрэгцэн оршихын үзэл санаан дээр тулгуурласан. Гэрлийн нүсэр шоу, олон арван жүжигчид, уран бүтээлчид бүгдээрээ хандиваар, сайн санаагаараа оролцож байна.

Бамбар асаах ёслол сүр жавхлантай болов. Гэнэт тэнгэрт олон гал улалзах шиг болсон нь мөнөөх уулын оройд байгаа бамбарууд юмсанж. Харанхуйд бүх юм үзэгдэхээ больж гагцхүү тэр стадионы гэрэл цацрах нь тусдаа нэг гариг шиг.

Удалгүй гал доошилж, бамбар барьсан олон арван цагдаа нар галт урсгал үүсгэн доош гулгаж эхэллээ. Тусгай олимпийн нэгэн онцлог нь  бамбарынхаа буухиаг бүх улсын хууль, хүчний байгууллагуудаар дамжуулан өртөөлдөг ажээ.


Цагдаа, аврах алба, хуулийн сургуулийн гээд салбарын бүхий л залуус үүнд идэвхийлэн оролцоно. Жижигхэн ялгаанаас том агуулга үүсч болдог нь энэ. Манай улсад ч бас үүнийг хэрэгжүүлбэл хэчнээн сайхан билээ.

Доош мушгирсан гулгасаар бууж ирсэн галнууд хоёр эгнээ болж голоор нь олимпийн бамбар бууж ирлээ. Бамбарыг тамирчид, цагдаа, хотын дарга гээд олон хүн буухиалсаар олон хүний уухайн түрлэг, шүглийн дууны доор бадраасан. Цастай газар цанан дээр төрсөн хүмүүс тэрүүгээрээ ийнхүү түрүү барин гайхууллаа.


Олон арван алдартай дуучин, жүжигчдийн тоглолт, бамбарын ёслолын дараа улс улсын тамирчид гарч ирэв.  Монголчууд 20 хүний бүрэлдэхүүнтэй эл нэр төртэй жагсаалд нэгдсэн. Гоёо үйлдвэрийнхний оёж өгсөн парадны хувцас нүд булааж, малгайгаа, ороолтоо сольё гэх санал олон арваараа ирж байв.

Бөөн баяр хөөр, гоё сайхны дунд нээлт болж өнгөрлөө. Бороо, нойтон гутал ч саад болсонгүй. Хүмүүс төрөхдөө бурханаас ээжийг хүртэл тэр бүр авч чаддаггүй ч сэтгэл зүрхийг бүгдээрээ авдаг. Харин амьдраад байх тусам үүнийгээ алддаг. Гэтэл биднээс цаг үргэлж нимгэрээгүй сэтгэл, чулуужаагүй зүрх горьдож байдаг төрөл нэгтнүүд маань бидэнтэй “хамт амьдардаг юм билээ”.

УРАЛДААД ИРЛЭЭ ШҮҮ ДЭЭ!

Ялангуяа “хөгжиж буй” орнуудад нийгмээс гадуурхагддаг, үзмэр болдог, эсвэл гэртээ түгжүүлдэг тэдгээр хүмүүс ууг нь бидэнтэй яг ижил эрхтэй төрсөн. Тэдэнд хүндлүүлэх, үнэлүүлэх, хэн нэгний найз нөхөр болох, олон хүний дунд байх хүсэл байдаг. Гэвч илэрхийлж чаддаггүй. Илэрхийлэх зориг байдаггүй. Учир нь багадаа нэг илэрхийлж үзээд хүүхдүүдэд шоолуулж, хөөгдсөн нь байх нь их.

Муур нохойг асар хүчтэй энхрийлж чаддаг хүмүүс бид тийм хүмүүстээ гараа сунган туслах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс хөгжингүй орнуудад маш олон хөтөлбөр, үйл явдлууд болдог, тэдэнтэй хэрхэн харьцах тухай хүн бүрт багаас нь зааж өгч сургасан байдаг байна. Энэ бүхний хамгийн оргил нь энэ тусгай олимп билээ. Зөвхөн өөрийг нь шүтэж  уухайлах олон хүний дунд зогсож байна гэж бод доо. Хүн бүрийн хүсэл энэ биш гэж үү?


Гараанаас гараад л  бөөн хашгираан, дэмжлэг дунд чармайн тэмцсээр барианд орно. Анд нөхөд, багш нар нь бүчиж авна. Зургийн аппаратууд тачигнаж, сурвалжлагч нар юм асуугаад л. Ижилхэн хүний заяанд төрсөн тэд хүний л мэдэрдэг бүхнийг аз жаргалтайгаар амталж буй нь энэ.


Монголчууд энэ удаад хоёр баг болон салж, нэг нь Грац хотод бөмбөгтэй хоккейн төрөлд, нөгөө баг нь Рамзау хотод Цасны гуталтай гүйлт, Гүйлтийн цана гэсэн хоёр төрөлд хүч үзсэн юм. Рамзаугийнхан маань найман медаль авч улсынхаа нэрийг дуудуулж, эх орондоо баахан л алт мөнгө хангир жингэр дуугаргасаар буулаа.

НУТГИЙН МОНГОЛЧУУД БААТРУУДАА ДЭМЖИВ

Грацын багийнхан маань 12-уулаа. Арван хөвгүүн, нэг багш, нэг албаны хүн/орчуулагчтай. Тэд маань өдөр бүр хүнд ширүүн тоглолтууд хийсээр 13 тулааны дараа хэсгээсээ шалгарч мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн билээ. Бөмбөгтэй хоккей манайд хөгжөөд нэг жил болж байгаа. Зарим тамирчид маань 3-4 сар л хичээллэсэн.

Дэмжин тоглогч 2 хүнийг оруулаад талбайд тавуулаа гарна. Эсрэг багууд нь дандаа л олон жил цохиур барьсан орныхон. Ялангуяа африкууд бие хааны хөгжил ч сайтай, харахад л сүрдэм залуус байлаа. Гэсэн ч манай хөвгүүд дийлэнх багуудыг хожиж явсаар финалд шалгарсан. Тэд маань медальт байрт орж чадаагүй харамсалтай ч хамгийн анхны оролдлого гэхэд тун ч бахдам 4-р байр эзэлсэн юм.


Том тэмцээний туршлага багатай ч хамгийн хүчтэй хөгжөөн дэмжигчтэй нь монголчууд байлаа. Тэд өдөр бүр ирж багаа хөгжөөн дэмжиж, хүүхдүүд маань ч тэднийг хүлээдэг байв.


Грацын монголчууд дундын хуримтлалаасаа хүүхдүүдэд хандив өргөж, гэр гэртээ аваачиж, хамтдаа дэлгүүр ч хэссэн.


Хагас өдрийн завтай нэгэн өдөр тэд маань тамирчдаа дагуулан нутгийнхаа “Зайсан толгой” дээр гарсан. Энд удтал идээгүй монгол хоолоо хэдэн төрлөөр нь идэж нар гарлаа.


Тамирчин хүүхдүүдийн маань өдөр бүр амтархан уух дуртай чацарганын ундааг Тэсо Группийнхэн маань өгч явуулсан билээ.
 
VOLUNTEERISM

Сайн дурын ажилтнуудгүйгээр энэ үйл ажиллагаа явагдахгүй. Энэ удаад 3000 хүн сайн дурынхны эгнээнд нэгдсэн. Монголын багт туслахаар Инэс, Николь гэх хоёр залуу бүсгүй өөрсдөө сонгож ирсэн юм. Өглөө эртээс эхлээд шөнийн харанхуйг хүртэл нэг ч салж явахгүйн дээр бүхий л зүйлд ээж шиг түшиг болж, хүүхэд шиг нааш цаашаа гүйж байв. Энд хүн бүрт л баярлаж талархах шаардлага гарна. Ивээн тэтгэж, зардал мөнгө бүх зүйлээр тусалсан Тэсо групп, Голомт банк, Turkish airlines, Сүү ХХК-уудыг ч хэзээ ч мартахгүй.  Тэд ч мөн сайн дурынхан, бас бид ч сайн дурынхан билээ. Хүн хүндээ “өгч амьдардаг” хорвоод ирснээ бид хэзээ ч огоорч болохгүй. Урам, хайр, эрч хүч, зориг, тэвчээрийг бид өөр хаанаас ч олох билээ.


Ижилдэн дассан хүүдүүд маань хоёр туслагч, түшиг тулгууруудаасаа арай ядан салж билээ. Цаашид үргэлж найз нөхөд хэвээрээ байна гэдгээ илэрхийлж фэйсбүүкдээ friend болцгоов. Баярлалаа Инэс&Николь.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив