Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хүйтний ам наашилж хүний эрх цаашилсан өдрүүдийн мэнд!
2015 оны 10 сарын 7 [Уншсан тоо: 128583]

 Өвөл

Өвөл боллоо. Нэг л бэргэж зовнисон царайтай хүмүүс гараад ирлээ. Өвөл аймар шүү дээ аймар! Дотуур өмд бүрээс нэмнээ тос маасал... монголчуудыг шийтгээд байгаамуу хаашаа ен. Зүв зүгээр байсан зардал шууд 50% өсчихнө. Согтуу мастерийн хөлний үнэтэй, гурван сая шахам уушигны дайтай... хайрагдсан хацар, хөлдсөн нус гээд өвөл биднийг арай л их дарлаж байна.

Гү яах вэ оронд нь өвлийн шорлог, шинэ жил хоёрыг өхийм даа. За яахуу ханиад томуу, эсэн бусын хорхой шавьжийг нам дардаг сайхан улирал гэж бас болохын. Бас гар нь дааржийнуу, алий.. гэж худлаа яриад хүүхний гар атгах, энэ утаагаа арилгаачээ гэж Бат-үүл рүү хашгирч стрээсээ тайлах, цасан дээр шээсээрээ зураг зурах гэх мэт жоохон аятайхан юмнууд байх нь байна.  За яахуу бас тэр цан уур савсуулан давхиж яваа морь, эр хоёрын плакат ч сүртэй л дээ.  

 

Хүмүүс

Байгал цаг уур ч нэг иймэрхүү. Энэ хүмүүс юу болоод байна вэ. Ойроосоо эхэлнээ. Ажин түжин амьдардаг давхрын хөршийнхэн маань сүүлийн үед өглөө босоо л хэрэлдээд, хүүхэд шуухдаа уйлуулаад унадаг боллоо. Өөр айл нүүгээд ирчээ юу гэтэл үгүй ээ, нөгөө халзан эр, өндөр бор хүүхэн, улаан күүрчигтэй охин, цэнхэр түжүүрктэй дүү хэвээрээ байна. Зүгээр айл зодоонтой болчихоор чинь америкууд ирээд “ардчилал тогтоогоод” өгцийн болуу ч гэж бодох шиг хэхэ. Удахгүй хэн нэг нь дүрвээд ороод ирж магадгүй болсон.

Өвлийн дугуй хайж байгаа танилтайгаа таарлаа. “Сда наяас буудгүй...” гэцэн шүлсээ хаяж байна. Хэдтэй байсийн гэж асуувал “Тэр хавьцаа л байдаг л даа. Орлого тасарчаад байна шүү дээ Артгаа минь” гэж санаа алдаад яваад өглөө.

 

Лизинг

Орлого тасарсаан. Харин лизинг хэзээ ч тасрахгүй. Дэмий юм боджээ хэвтэж байгаад Лизинг гэдэг үгний монгол орчуулга Итгэл найдвар юм байна гэдгийг мэдлээ. Аятайхан ч сонсогдож байна. Тиймээ, бидний Итгэл найдвар хэзээ ч тасрахгүй.

Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг.
Итгэл найдвараа хойч үедээ өвлүүлнэ.
Итгэл найдвараа алдсан бол бүхнийг алдсанд тооц.
Итгэл найдваргүй хүн гэж байдаггүй
Бидний нийгэм итгэл найдвар дээр тогтож байна
Иргэдээ, нэгэндээ итгэж найдахаа больж болохгүй шүү
Гэвч банкууд иргэддээ итгэж найдахаа болих гээд байна...

Уул уурхай ажиллаж байсан гурван жилд монголчууд үзээгүйгээ үзэж, гар хөдлүүл ам хөдөлнө гэдгийг мэдэрсэн. Дөрөв дэх жилээсээ “хэвийн амьдралдаа” орсон. Хүсээд байсан нь ёсоор болж гадныхан ч арилаад өглөө. Харин өөрсдөө ажиллуулна гэдэг дотныхон маань таг. Хашгирч, хөөс сахруулан эсэргүүцэж байсан хүмүүсээс хариуцлага хүлээх хэн ч алга. Гэргий хүүхэд рүүгээ харж чадахгүй хулмалзах ажилгүй аавууд л байна.

 

Сонгуулийн гишүүд

Гишүүдийг тойрсон явдал тасрах биш дээ, мөн л орон сууцны лизинг шиг тасралгүй эд шүү дээ. Энд ч автуусаар явж, тэнд ч тууз хайчилсаар л байна.  Сонгууль ойртож байгаагийнх л даа. Гэхдээ өдөр ирэх бүр өмнө хийснээ давуулж хийхгүй бол болдгүй хорвоо шүү дээ.

Жишээ нь Батэрдэнэ гишүүний хувьд өнөөдөр автуусаар явсан бол маргааш морин тэргээр л явахгүй бол пиарын ажил нь эффектгүй өнгөрнө. Нөгөөдөр алхах хэрэгтэй. Гэхдээ Хэнтий рүү гарч шидэхээс нааш бас ялгарахгүй аюултай. За тэгээд сонгуулийн өмнөх өдөр бол Хэнтийгээс наашаа өвдгөн дээрээ явдиймуу яадын. Гэхдээ л түүний хувьд хамгийн оргил пиар нь Мөнхэрдэнэ арслангаас албан ёсоор уучлал гуйж, түүнээс булааж авсан 5 түрүүнийхээ талыг буюу 2,5-ыг нь бэлэглэх явдал юм. Үүнээс илүү популизмыг манай Босоо ч олж чадахгүй. Аа гэхдээ тэр чадах байхаа, би бас арай үлээгээд байх шиг байна.

Гэх мэтээр надаас зөвлөгөө авах гишүүд захиа бичээрэй, үнэгүй зөвлөөд өгнө яахуу. Бас та нарыгаа бодохын байна шд энэ хямралаар.

 

Гишүүд авьяаслаг монголчууд шоунд

Гишүүд гэснээс гишүүдийн нэрсийг хөөрхөн аялгуунд оруулаад ерөөл магтаал болгоцон нэг улаан хүү авьяслаг монголчууд шоунд оролцохоор бүртгүүлсэн байхтай таарсы шүү. Зах зухаас нь дурдвал:

Хийвэл хийсэн шиг хий
Эрхэм гишүүд шигээ гялалзтал хий
Сураг алдарвал Наранхүү шиг
Суудал бөглөвөл Гарьдхүү шиг
Уймарвал Баасанхүү шиг
Урваганавал бас л Баасанхүү шиг
Хоцорвол Дэмбэрэл шиг
Хойлогтвол Портуун шиг
Босвол Ганбаа шиг
Бороо оруулбал Бурмаа шиг
Туулай чихэдвэл Эрдэнчимэг шиг
Туйван өргөвөл Жэнко шиг
Авилагчийг өршөөвөл Гончигоо шиг
Атмаанаа өмөөрвөл Баянсэлэнгэ шиг
Хулгайчийг өршөөвөл АН-ынхан шиг
Хусмаа чамалбал МАН-ынхан шиг
Бүх юмыг тултал хий
Бүлнэ дээ бүлнэ хоюулаа.... гэнүү нэг хөөрхөн толгой холбоцон юм байх шиг байсан даа. 

 

Өршөөлийн хууль

 Хэдхэн жилийн өмнө төсвийн мөнгөнөөс цавчдаг хүнийг эр хүн гэж хүлээж авдаг байсан. Магтаж шагшдаг байсан. Идкүүм бол төрийн ажил хийж яахын гэдэг байлаа.  Харин одоо авилга, албан тушаалын хэргийг хамгийн адгийн явдал гэдгийг бүх хүн (уучлаарай бүгд биш, завшигч ба түүний гэр бүлийнхэн үүнд орохгүй) зөвшөөрч байна. Энэ бол том дэвшил.

Авилгач новшнуудын хооронд явсан нэг төгрөг бүр манай эмнэлэгийн хүйтэн шалаар нэг тарж хэвтсэн эх хүүхдүүд, бөөрний аппарат дутсанаас хорвоог орхиж буй уй гашуу, замын эвдрэл, сургууль цэцэрлэггүй хүүхдүүд, дэлхийн хамгийн муу нэртэй орон, ядуурал, гаслан, зовлон юм шүү дээ. Тэдний албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл болгоныг бид ингэж төлдөг. Бидэн дээр утаа, бохирын үнэр, чанаргүй барилга, инфляци, дампуурал, өлсгөлөн, гуйланчлал болон ирж байгаа юм. Харин одоо тэд өөрсдийгөө өршөөх гэж байна. Хараарай та нар, бид өршөөлийн хууль батална гэсээр байгаад батлах гэж байна. Өмнөөс нь ичих нүүр битий хэл бичих үг олдохгүй байна.

Гэтэл санаанд багтамгүй зүйл болж эрхэм гишүүд идсэн уусан нөхдөө, магадгүй өөрийн ирээдүйгээ хамгаалахын тулд Өршөөлийн хууль гэдэг юм санаачлаад наадым даа! Харин мянган жил тэжээж нэг өдөр хэрэглэнэ гэгчээр Ерөнхийлөгч ганц болсон юм хийж тэр хуулинд нь хориг тавив. Тэгсэн ахиад нэг санаанд багтамгүй юм болж нөгөө хоригийг нь хүлээж авах эсэх талаар хуралдаад эхэлсэн. Тэгээд мэдрэмжээ гайхуулаад албан тушаалтныг өршөөгөөд бусды нь өршөөхөө больчий гэсэн. Шившиг!

Амьтны хүрээлэнгийн амьтад, чааваас мал л юм чинь хүний нүдэн дээр хээв нэг хурьцдаг. Манай гишүүд тэрнээс ямар ч ялгаа алга. Зүгээр бидний нүдэн дээр олон арван тэрбумыг үгүй хийсэн хэрэгтнүүдийг өршөөнө гэж чичрээд үхлээ цаана чинь!

 

Хар тамга

Хавирна шүү гэж хэлж байгаа л барилддаг. Нөгөө бөх нь зөвхөн хавируулахгүй гэж барилдах хэрнээ хавируулаа л унадаг. Энэ бол үнэн хүчээрээ цагийг эзэгнэсэн бөхийн хийдэг ажил. Бардаж, бярдаж чаддаг энгүй хүчит аваргын л зан. 

Тиймээ манай авилгач, луйварчин дарга нар үнэхээр хүчтэй байна. Бүх эрх мэдэл, цагдаа цэрэг, зам харгуйг бүгдийг атгаж барисандаа тэд бидэнд ингэж аархаж байна. Уг нь тэдний эрхийг бид бариулсан юм. Бид сонгосон юм. Идэж уух юмы нь бид өгдөг юм. Жаргаад тарвалзаад байгаа цавчааг нь бид гуяныхаа махнаас огтолж өгсөн юм. Харин одоо зүгээр өршөөгдөх нь.  Цаддаггүй ээ?!

Хууль бус юм хийдэг, хулгайч царайтай, хуудуутай явдалтай нөхдөд хар тамга дардаг учир бий. Бүх монголчуудын бүх асуудлыг шийдэж өгдөг Монголын улстөр өөрөө хулгайч, худалчдын үүр уурхай болж болохгүй биз дээ? Тэрийг нэвтрэх босго, шалгуур, сэтгэл, эх оронч зүрх байх ёстой. Тэр бүхнээ хөсөр хаяж ард түмнээ цус нулимстай нь хутгасан тэдэнд дахин улстөрийн босго алхах виз битгий өг! Тэдэнд хар тамга л хэрэгтэй!!!

 

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив